ТҮҮХЭН ХӨГЖИЛ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 
    АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨН ТҮҮХЭН ЗАМНАЛ
                                                                                                                                                            

                     Өмнөговь аймагт Газар зохион байгуулалтын алба үүсэж хөгжсөн түүхэн замнал энэ  он жилүүдэд хийгдсэн ажлын талаар байгууллагынхаа архивын материалд тулгуурлан  бичлээ. Өмнөговь аймгийг 24 сум, 408 хороо, 8494 өрх, 37.3 мянган хүн ам, 975.7 мянган малтайгаар 1931 онд байгуулжээ. Өмнөговь аймаг нь баруун болон хойд, зүүн талаараа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгуудтай, урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэн оршдог. 

Нутаг дэвсгэр нь баруунаасаа зүүн тийш сунгагдсан хэлбэртэй, нийтдээ 16358.0 мянган га талбайг эзлэх ба Монгол улсын нийт нутгийн 10.6 хувьтай тэнцэнэ. Урд хилээс хойд хил хүртэл 400 км, баруунаасаа зүүн захаа хүртэл 700 км юм. 
Өмнөговь аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Ззахиргааны    ХАА-н хэлтсийн харьяанд 1950-иад онд аймгийн газар зохион байгуулах техникчийн орон тоо бий болсноор газар зохион байгуулалтын албаны үндэс суурь нь тавигдсан байна. 
1959 онд Өмнөговь аймгийн болон сумдын хилийн цэсийг тогтоох ажлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 248/219 тогтоолыг биелүүлэх үндсэн дээр ажилласан газар зохион байгуулах комиссын оролцоотойгоор аймаг, сумдын хилийг тогтоосон байна. 
Сумдад шинээр тогтоогдож, олгогдсон дэвсгэр нутгийн доторх хадлан, бэлчээр, тариалангийн талбай болон өвөлжөө, хаваржаа урсгал, задгай ус, худаг зэргийг зохих нэгдлүүд болон улмаар түүний бригадуудад тодорхой ашиглуулах арга хэмжээ авч байжээ.
1972 оноос аймгийн газар зохион байгуулах техникчийн орон тоо нь аймгийн ХААУГ-ын харьяанд шилжиж, аймгийн газар зохион байгуулагч нэртэй болон солигдсон байна.  
Газрыг бүрэн дүүрэн зөв зохистой үр ашигтай эдлүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг бригад хэсгүүдэд хуваарилан өгч албан ёсны акт баримт, хилийн цэсээр эзэмшүүлэх ажлыг 1974 оны 3-р сарын 25-ны өдрөөс өмнө гүйцэтгэхийг аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаанд үүрэг болгож байжээ. Газар зохион байгуулалтаар тогтоосон нутгийн заагийг цаашид дагаж мөрдөж Газар эдэлбэрийн хуулийг биелүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байв.
1988 оноос Байгаль Орчныг Хамгаалах Яамны харьяа аймгийн Байгаль орчныг хамгаалах газар байгуулагдаж ХААУГ-ын газар зохион байгуулагч нь аймгийн байгаль орчны улсын байцаагч, газар зохион байгуулагч гэсэн орон тоон дээр шилжсэн байна.
1992 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, Хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн харьяанд аймгий газар зохион байгуулагчийн орон тоо  харьяалагдах болсон байна. 
Монгол улс нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээр газрын харилцаа үндсээрээ өөрчлөгдөж, 1994 онд батлагдсан Газрын тухай хуулиар газар эзэмших, ашиглах эрх баталгаажиж, 1997 онд Газрын төлбөрийн хууль батлагдснаар төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд газрын төлбөр төлөхийг хуульчлан заасан билээ. Эдгээр хууль тогтоомжтой нийцэж гарсан бусад хууль эрхийн актуудын биелэлтийг хангах үүрэгтэй хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцааны анхны бие даасан албыг 1997 онд Монгол Улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолыг үндэслэн Өмнөговь аймгийн Засаг даргын 1997.09.16-ны өдрийн б/153 дугаар захиражаар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 15 суманд байгаль орчны улсын байцаагч, газрын даамлын орон тоог бий болгосон байна.
 Тус албаны хувьд Монгол улсад урьд өмнө хийгдэж байгаагүй шинэ ажлыг гардан хэрэгжүүлж, тодорхой амжилтанд хүрсэн байна. Үүний зэрэгцээ газрын шинэтгэлийн асуудлыг бүрэн хэрэгжүүлэх, улмаар газрыг экологийн хувьд аюулгүй байх, эдийн засгийн хувьд ашигтай байх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байв.
2000 онд Байгаль орчны яамны харьяа аймгийн Байгаль орчны албыг дарга, Байгаль орчны Улсын ахлах байцаагч,ерөнхий газар зохион байгуулагч, байгаль орчны улсын байцаагч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. 
2003 он бол Монгол улсын иргэн, айл өрх бүрийн хувьд Улсын Их хурлаас батлан гаргасан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх” хууль хэрэгжиж, төрөөс ард иргэдээ газар хэмээх нандин бөгөөд онцгой  өмчтэй болгосон түүхэн он жилүүд билээ. Үүнтэй зэрэгцэж Иргэд маань газар гэгч өмчдөө  ариг гамтай хандаж, өрх гэрийнхээ орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон хариуцлага бий болж ирсэн юм.
Иймээс ч “Газрын тухай” Монгол улсын хуулийн 23.1. дэх зүйл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын 2002 оны 58, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн газрын албыг 5 орон тоотой байгуулсан билээ. 
Тус алба нь  нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх бүх төрлийн газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, сумын газрын даамлыг Засаг даргатай нь зөвшилцөн томилох, нутаг дэвсгэртээ төрөөс явуулж байгаа нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, сумын засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогсон буруу шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, газрын бүржийн үйл ажиллагааг зохион байгуулах, аймгийн газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураах, монгол улсын иргэнд өмчлөгдсөн газар болон бусад үл хөдлөх хэд хөрөнгийн бүртгэлийг эрхлэх зэрэг үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэй ажилласан юм.
Монгол улсын “Засгийн газар”-ын 2008 оны 67 дугаар тогтоол, 2007 оны 351 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2008 оны 43-р тогтоол, ГХГЗЗГазрын 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тушаалаар аймгийн Газрын албанд Хот байгуулалт барилга захиалагчийн албыг нэгтгэх замаар 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 16 орон тоотой байгуулагдсан байна.

 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР